Saturday, April 20, 2013

Нигерт эрх нь зөрчигдсөн С.Энхмаа эх нутагтаа ирлээ

Нигерт эрх нь зөрчигдсөн С.Энхмаа эх нутагтаа ирлээ

Сайхан амьдрал хөөж харь газар одоод зовлон тээж ирдэг олон эмэгтэйчүүд бий. Энэ асуудалд эмэгтэйчүүдийн байгууллагаас эхлээд төр засгийн түвшинд ч анхаарлаа хандуулах цаг болсныг олон үйл явдал нотлох боллоо. Хамгийн сүүлийнх нь С.Энхмаа юм.   

Орчуулагч мэргэжилтэй энэ эмэгтэй таван жилийн өмнө Бээжинд явж байхдаа АНУ-ын иргэншилтэй Африk бизнесментэй танилцаж улмаар гэр бүл болжээ. Бизнес хийдэгт нь итгэж сайхан амьдрал хөөн нөхрийнхөө төрлөх нутаг Нигерийг зорьжээ. Гэвч сайхан амьдрал хөөж очсон түүний хүсэл мөрөөдөл өдөр бүрээр зүүд болон замхарч байж. Хоёр дахь хүүхдээ тээж эхэлсэн үеэс л харь нөхрийнх нь мөн чанар танигдаж зодож нүдэх болсон байна. Улмаар гадаад паспорт болоод бусад бүх бичиг баримтыг нь нууж харанхуй өрөөнд түгжиж, хоол өгөхгүй хэдэн өдөрөөр ч хамаагүй хонуулж, биеийн болоод сэтгэлийн хүчирхийлэл суран тэлээгээр "сургаж" байсан гэдэг. Ийм байхад нь ард үлдсэн ээжийнх нь бие чилээрхэж бас монголд үлдээсэн хоёр хүүхэд нүдэнд нь харагдаад яаж ийгээд эх нутагтаа ирэхээр зорьжээ. Олон удаа цагдаагийн газар очсон ч гэсэн гэр бүлийн асуудал гээд авч хэлэлцдэггүй байж. Бас Африk тивийг хариуцсан Египт дэхь Монголын элчин сайдын яамтай холбогдож аврал ирэхэд нь мөнгөгүй гээд хөдөлж өгөөгүй гэдэг. Бас Монгол руу эгч нартайгаа холбогдож ГХЯ-ны Kонсулын газарт мэдэгдсэн байна. Эцэст нь төрийн хүнд сурталыг хүлээж дийлээгүй бүсгүй хоёр хүүхдээ дагуулан Христийн сүмд хандсанаар сарын өмнө эх нутагтаа ирэх боломжоор хангаж өгсөн бичлэг нь интернэтээр цацагдсаныг олон Монгол хүн үзэж зүрх шимширсэн.

Энэхүү бичлэг цацагдсаны дараа төр засаг ч анхаарлаа хандуулж Египтийн ЭСЯ-ыг буруутгасан. Харин тэд өөрсдийгөө хамгаалж түр гарах паспорт олгож туслахаар бэлдэж байсан хэмээн "арьсаа хамгаалсан". Энэ дуулиант үйл явдал болсноос хойш сар гаран болоход харьд зовсон С.Энхмаа хаана явна вэ, эх орондоо ирээгүй гэж сураглах болсон. Тэгвэл С.Энхмаа хоёр охиныхоо хамт өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг ирэхэд холбогдох төрийн байгууллага анхаарлаа хандуулж, ар гэрийнхэн нь тосч авсан байна. Хүний эрхийн байгууллагууд ч энэ асуудалд анхаарал хандуулжээ. Манай талаас чих хатуутай Египтийн ЭСЯ-аар дамжуулан Нигерийн талд иргэнээ хамгаалж гомдол зарга мэдүүлэхээр бэлдэж байгаа гэж эх сурвалж мэдээллээ.

Ийнхүү сайхан амьдрал хөөж харийг зориод дуулиантай буцаж ирж буй С.Энхмаа бүсгүйн туулсан амьдрал, харийнхныг шүтэх болсон олон Монгол бүсгүйчүүдэд сургамж болох учиртай. Тиймээс С.Энхмаа бүсгүй туулсан амьдрал харийн залуусын талаар охид бүсгүйчүүддээ сургамж өгөхийн зэрэгцээ хүнд сурталтай Египт дэхь Монголын ЭСЯ-ны үнэн төрхийн талаар ард түмэндээ мэдээлэх хэрэгтэй.

Эх сурвалж: www.24tsag.mn

0 comments:

Post a Comment