Tuesday, July 23, 2013

Хотын төвийн хогийн газар-1

"Улаанбаатар зочид буудлын урд зогсдог" гэх үгсийг хүүхэд байхдаа л сонсож байлаа. "Өвгөнтийн хөндийн архичин" "Улаанбаатарын үүдний янхан" гэж томчууд нэгнийгээ доромжилдгоос нь жаахан байхад л биеэ үнэлэгчдийн цугладаг газар, архичдын газар гэж мэддэг болсон байв. "Өвгөнтийн хөндий" алга болсон ч "Улаанбаатарын үүднийхэн" байсан хэвээр үлдэв.

Ленингийн хөшөөг "зайлуулсан" ч, сүүдэрт нь золбин ноход мэт хэвтэх биеэ үнэлэгчид болоод тэдний нөхдийг зайлуулж чадсангүй. Ядаж байхад өнгөрсөн жилд тэр орчмын цэцэрлэгийг засч тохижуулахдаа биеэ үнэлэгчдийн орчныг нь бүр ч тухтай таатай болгочихсон юм. Уг 7168 кв метр талбайтай цэцэрлэгийг Турк улсаас 400, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргаж шинэчлэн засварлаж, 108 орчны, 78 зүлэгний гэрэл бий. Гэвч 108+78 гэрэлтэй цэцэрлэг нь шөнө оройн цагаар үнэндээ даанч бүүдгэр орчныг бий болгожээ. Энд суурилуулсан гэрэлнүүд нь зөвхөн өөрийгөө л гэрэлтүүлэх бөгөөд ямартаа ч тэнд нэг гэрэл байрлуулсан гэж харагдана. Зуугаад ийм сүүмийсэн цагаан шонгууд нь өнөөх биеэ үнэлэгчдэд жинхэнэ орчныг нь бүрдүүлчихэж. Яг л ягаан дэнлүүний гудамж гэх бүдэг гэрэлтэй орчин байдаг гэдэг шиг.  

Уг нь энэ цэцэрлэгт жаахан муухай үнэртэй ч гэрэлт усан оргилуур, нар халхалдаггүй ч сүүдрэвч, хэврэгхэн боловч хэдэн жижиг хөшөө, бэлгэ тэмдэг бүхий хөшөөнүүд бий.

Хэдийгээр "24 цаг хянах зорилгоор найман ширхэг хяналтын камер суурилуулж, харуулын байр барьсан" гэдэг ч хотын төвийн энэхүү цэцэрлэг нь аюултай газар хэвээр. Зөвхөн биеээ үнэлэгч нар энд байдаггүй. Тэднийг хамгаалдаг ч юм уу, худалддаг ч юм уу, нөхөр сүүдэр ч юм уу харчуул нь бараг эмэгтэйчүүдээсээ олон. Өдөржингөө тэр хавийн сандлыг эзэгнэж, хоорондоо зодолдож, ноцолдож өдрийг өнгөрөөнө. Урдуур өнгөрөх зарим нэг хүнийг хааяадаа татаж чангааж ч харагдана.

Өдрийн уртад хэдэн зарагддаггүй олон жилийн настай бараанууд нь хөлхөлдөж, залуустайгаа хөгжилдөнө. Харин оройхон шинэ бараанууд ирнэ. Цаг орой болж өнөө сүүмгэр гэрэлнүүд асах үеэр хоёр гурван аксентнууд Улаанбаатар зочид буудлын урд талын зогсоол дээр гэмгүйхэн ирж зогсоцгооно. Мэдээж дотор нь дүүрэн бараа. Ингээд л эрх чөлөөгөө эдэлцгээж шөнө өнгөрнө. Өнөөх хяналтын камер, эргүүл цагдаа нь энэ үеэр хаагуур ч явж байдаг юм бүү мэд.

Өглөө нь сандалнууд алжааж ядарсан залуусаар дүүрэн. Шөнө ажилласан хүмүүс ядрах нь тодорхой. Ингээд л нэг хэсэг шуугилдаж бужигналдаж байгаад л хүний нэг сандал дээр архи шивтэр үнэртүүлээд л унтацгаана.

Энэ хавийн үнэр нь цэцэрлэгт байх нийтийн 00-ийн үнэртэйгээ бараг ижил. Уг нь нийтийн 00 болгон цэвэрлэгч, мөнгө хураагч бий. Гэвч бохирын ус нь муу татагддагаас ч тэр үү 00 гэж жинхэнэ огиудас хүрэм, энэ үнэрийг цэвэрлэж бардаггүй бололтой.

Энд цуглагч нөхөд сүүлийн жилээс бизнесээ улам өргөж олон нэр төрлийн болгож байгаа. Цэцэрлэгийн голын хэсгийг дартсчингууд эзэлж. Зургаагаас дээш оновол хятад чихмэл.

Өнгөрсөн жил хажуугаар нь явж байхад нэг цагдаа дартсны сумнуудыг нь хурааж аваад, өнөө хэд нь "тав таван цаас цуглуулаад очиж сумаа авья" гэж байсныг нь бодоход бас л дарамт, шахалтан дор зохицоод ажилладаг байсан бололтой. Яах вэ, хэнд ч гай болохгүй ажиллаж байгаа хүмүүст нь зохих зөвшөөрлийг нь өгөөд, хуулийн дагуу татварыг нь аваад, орой тарахад нь хогийг нь цэвэрлүүлдэг бол байж болох л бизнес. Гэхдээ л хагалсан шаарныхаа хогийг цэвэрлэлгүй орхиод явагсад олон.

Найман настай балчир хүүгийн зарах ундааны бизнесээс эхлээд наян настай буурлын жин үзэх бизнес хүртэл энэ цэцэрлэгт бий. Чанасан өндөг, шарсан зайдас, хачиртай талхнаас эхлээд авгай хүүхнийг ч энэ цэцэрлэгт бий. Хотын төвийн хогийн газрын нэг жишээ иймэрхүү.

Б.МАНДАХ

0 comments:

Post a Comment