Tuesday, July 23, 2013

Дүрэмт хувцасны зохиомол үнийн талаар мэдээлэл хийв

Дүрэмт хувцасны зохиомол үнийн талаар мэдээлэл хийв

"Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо"-ноос энэ намраас эхлэн бүх сургуулиудын дүрэмт хувцсыг ижил болгож буйтай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбооны Холбооны төлөөлөл сурагчдын дүрэмт хувцасны үнэ болоод чанарын хувьд шаардлага хангахгүй байгаагаа илэрхийллээ. Мөн яамдын зүгээс оёдлын үйлдвэрийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр явуулсан нь хууль зөрчин улмаар ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл болж байна гэж үзэж байна гэв.

Тодруулбал, орон даяар сурагчдад олгох дүрэмт хувцсыг эцсийн байдлаар аравдугаар сарын 30-н гэхэд дуусгах хуваарьтай аж. Мөн нийгмийн давхаргын ялгааг арилгах зорилго бүхий эдгээр дүрэмт хувцасны хувьд дээд үнэ нь 95 мянга гэж байгаа боловч хэрэгцээт зүйлсийг нэмбэл 100-150 мянгад багтаж байгаа нь үндсэн зорилгодоо нийцээгүй байгааг хэлж байлаа.

"Хичээлийн шинэ жил эхлэхэд ганцхан сар үлдсэн байна. Гэтэл хичнээн олон оёдлын үйлдвэр байгаад ч нэг сарын хугацаанд 10 000 ширхгийг л оёж чадна гэдгийг мэргэжлийн хүний хувьд хэлж чадах байна.

Чингис бондоос 28 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг оёдлын үйлдвэрүүдэд олгохоор болсонтой холбогдуулаад мөнгө идэж уух гэсэн үйл ажиллагаа явагдаад байна. Энэ хөрөнгө оруулалтыг захын подвальд байгаа оёдлын цехэд хүртэл олгоно гэсэн байтал эзэндээ хүрэхгүй байна гэв. Түүнчлэн анхлан үндэсний үйлдвэрийн даавуугаар хийх байсан ч тэр нь Солонгос улсад үйлдвэрлэсэн даавуу болж өөрчлөгдсөн. Гэтэл хятадаас орж ирж байгаа даавуугаар хийж байгаа нь чанаргүй болж байгааг дуулгасан. Одоо эрх аваад байгаа "Оёдлын нэгдсэн холбоо"-ны долоон компани нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах ямар ч туршлагагүй гэх мэтчилэн Монголын нийт эцэг эхчүүд, сурагчдын эрхийн зөрчиж байна" хэмээн "Монголын сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэгч оёдлын үйлдвэрүүдийн холбоо"-ны гүйцэтгэх захирал Ж.Оюунчимэг ярилаа.

Харин үнэ өртгийн тухайд өнөөдрийн гаргаад байгаа үнээр авах хүн хэд байгаа бол? Нийт сурагчдын 30-40 хувь нь авч өмсөх боломжтой үнэ тогтоосон байгааг дуулгасан. Хуучин 28-45 мянган төгрөгний үнэтэй хувцас тавьдаг байхад ч үүнийг авах боломжгүй иргэд байдаг байсан. Гэтэл одоо ийм үнээр хичнээн хүн авах боломжтой нь ойлгомжтой байна гэж тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэ хэллээ.

Ямартай ч сурагчдын дүрэмт хувцастай холбоотой эдгээр хууль бус үйл ажиллагаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Захиргааны хэргийн шүүхэд хандах гэж байгаа гэнэ.

Хэрэгжүүлэгч компанийн нэрс болоод гэрээ хийгдэх хугацаа




Элсэлтийн журмыг иргэд шүүмжилж байна

Иргэдийн санал хүсэлт хүлээн авах "11 11 төв"-д долдугаар сарын 11-18-ны хооронд нийт 658 санал хүсэлт, талархал, гомдол, шүүмжлэл ирсэн байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт болоод их, дээд сургуулиудын элсэлтийн журамтай холбоотой санал хүсэлт түлхүү иржээ. Зарим их, дээд сургуулийн элсэлтийн журам учир дутагдалтай байгаа талаарх иргэдийн шүүмжлэлд Боловсрол, шинжлэх ухааны яамны холбогдох хүмүүс хариу  өгсөн байна. 

Хүний хөгжил сангийн 21,000 төгрөгийн нөхөн олголтын асуудлаар олон хүн ханджээ. Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар хариу ирүүлээгүй байна. 1990-1995 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсныг ажилласнаар нөхөн тооцох "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэд энэ оны  8 дугаар сарын 1-ний дотор хүсэлтээ гаргах ёстой бөгөөд энэ хугацааг сунгаж өгөх  хүсэлтээ олон ирсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Цэцгэн чимэглэлд 315 сая төгрөг зарцуулжээ

Хотын гудамжаар өнгө алаглах цэцэгс энэ зуны чимэг болж, нийслэлийнхний  нүд, сэтгэлийг баясгасаар байна. Иргэдээ сэтгэл ханамжтай, эрүүл таатай аж төрөхөд нь зориулж, хотын ногоон байгууламжид анхаарал хандуулан ажиллаж, гудамж талбайг зүлэгжүүлж, цэцэгжүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна.

Харин өчигдөрөөс хэвлэл мэдээллээр "Нийслэлийг цэцэгжүүлэхэд 4 тэрбум төгрөг зарцуулжээ" гэсэн ташаа мэдээлэл цацагдсан талаар Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан "Нийслэлийн ногоон байгууламжид бүхэлд нь 4,5 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд  цэцэгжүүлэх ажилд 315 сая төгрөг зарцуулж байгаа юм.

Нээлттэй тендер зарласны дагуу "Фармаци гарант" ХХК  шалгарч, Хот тохижилтийн газарт нэг наст цэцгийн үрсэлгээ нийлүүлэх болсон. Энэ зуны хотын дүр төрх бидний ажлын эхний алхам. Дараа жил ландшафтын төлөвлөлт, загвараа улам баяжуулж, хотынхоо ногоон байгууламжийг арчилж, тордох болно" гэсэн  тайлбарыг өгч байна гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шадар сайд бүтээн байгуулалтын явцыг танилцуулав

Шадар сайд бүтээн байгуулалтын явцыг танилцуулав

Засгийн газраас долоо хоног бүр тогтмол зохион байгуулдаг "Бүтээн байгуулалтын цаг" мэдээлэл, хамтын ажиллагааны хурал өчигдөр үдээс хойш боллоо. Засгийн газрын сайд нар орон нутагт томилолт, амралттай байгаа тул энэ удаагийн хурлыг Шадар сайд Д.Тэрбишдагва даргалж, яамд, агентлагийн удирдах албан тушаалтнууд оролцож, бүтээн байгуулалтын салбарт төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа болон ямар асуудал тулгарч буй талаар мэдээлэл хийсэн юм.

Зам тээврийн салбарт өнгөрөгч долоо хоногийн байдлаар 691 хүн, 296 машин техник ажиллаж нийтдээ 65 км замын ажлыг бүрэн хийж дуусгасан байна. Аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох ажлын тухайд Хөвсгөл аймгийн замын ажил 15 хувь, Дорноговь, Өмнөговь аймгийн төвийг холбох ажил 23 хувь, Дорноговь аймгийн төв болон Замын-Үүдийг нийслэлтэй холбох ажил 69 хувь, Баянхонгор аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил 97 хувьтай байгаа аж.

Түүнчлэн Налайх, Цонжинболдог руу явах зам засварын ажлыг дуусгаснаар энэ чиглэлийн замын хүндрэл бүрэн арилсан гэв.

Барилга, хот байгуулалтын яамнаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэвийн үргэлжилж байгааг дуулгалаа. Хөтөлбөрийн дагуу энэ онд нийт 56 ажил гүйцэтгэхээс 12 ажлын тендерийг шалгаруулж, гэрээ хийсэн, 16 ажил гэрээ байгуулах, хоёр ажил техникийн зураг төсөл боловсруулах шатандаа байгаа бол 26 ажил Гэр хорооллын дахин төлөвлөлтийн зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж байгаа аж.

"Чингис бонд"-оос 170 сая ам.долларыг мал аж ахуйн салбарт зарцуулахаар баталсан. Гэтэл төслийн нэгж байгуулснаас өөр ахицгүй байна гэдгийг Шадар сайд шүүмжилж байв. Харин нийслэлийн хувьд хотын төвийн авто замын 33 уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлаас зургаа нь дууссан, одоо таван уулзварын ажил ид өрнөж байгаа, удахгүй дахиад таван уулзварын ажил эхэлнэ гэдгийг онцолсон юм. Түүнчлэн, үлдсэнийг нь ирэх есдүгээр сарын 1-ний дотор дуусгах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ дуулгалаа.

Эх сурвалж: www.gudamjtusul.mn

А.Хүчитбаатар төрсөн нутагтаа машин бэлэглэнэ

А.Хүчитбаатар төрсөн нутагтаа машин бэлэглэнэ

46 минутын өмнө

Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан "Токитенкү" сангаас Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт  иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин бэлэглэхээр төлөвлөжээ. Энэхүү түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа долдугаар сарын 25-нд 11:00 цагт Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд болно. Уг үйл ажиллагаанд Токитэнхү А.Хүчитбаатараас гадна Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Шимизү Такэнори,  Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат, Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, аймгийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяа, Алтанбулаг сумын эмнэлгийн удирдлагууд оролцоно.

А.Хүчитбаатар өчигдөр нутаг нэгт сумочдынхоо хамт эх орондоо ирээд байна.

Б.БИЛЭГ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Улаанбаатар, Анкарагийн харилцаа улам өргөжинө

Улаанбаатар, Анкарагийн харилцаа улам өргөжинө

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчид 2013 оны 7 дугаар сарын 22-нд Анкара хотноо айлчилж,  тус хотын дарга, ноён Мелих Гөкчек-тэй уулзаж ярилцав.

Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар, Анкара хотуудын харилцааг цаашид өргөтгөх, тухайлбал, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах, хотын ногоон байгууламжуудыг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулах талаар Анкара хотын туршлагыг судлах, хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх тухай ярьж, санал бодлоо илэрхийлэв. Мөн Монгол Улсад зочлохыг урьсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн урилгыг ноён Мелих Гөкчек-т гардуулав.

Ноён М.Гөкчек Э.Бат- Үүл даргад баярласнаа илэрхийлж, мэндчилгээ уламжилж өгөхийг хүсээд бололцоотой үед Улаанбаатарт дуртайяа зочилно гэв. Анкара хотын дарга Монгол Улсын нийслэлд өрнөж байгаа шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлын талаар сонирхож, цаашид хоёр нийслэлийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг Анкара хотноо болсон Монгол, Түркийн эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны хуралдаан болон Түркийн Ерөнхий сайд Р.Т.Эрдоаны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх талаар Анкара хотын захиргаатай хамтран ажиллах, ялангуяа Улаанбаатар хотод орон сууцны хороолол барих тухай ярьж танилцуулав.

Ах дүүгийн харилцаатай Улаанбаатар, Анкара хотуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөх ихээхэн нөөц, бололцоо байгааг уулзалтад оролцогсод санал нэгтэй тэмдэглэв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Хотын төвийн хогийн газар-1

"Улаанбаатар зочид буудлын урд зогсдог" гэх үгсийг хүүхэд байхдаа л сонсож байлаа. "Өвгөнтийн хөндийн архичин" "Улаанбаатарын үүдний янхан" гэж томчууд нэгнийгээ доромжилдгоос нь жаахан байхад л биеэ үнэлэгчдийн цугладаг газар, архичдын газар гэж мэддэг болсон байв. "Өвгөнтийн хөндий" алга болсон ч "Улаанбаатарын үүднийхэн" байсан хэвээр үлдэв.

Ленингийн хөшөөг "зайлуулсан" ч, сүүдэрт нь золбин ноход мэт хэвтэх биеэ үнэлэгчид болоод тэдний нөхдийг зайлуулж чадсангүй. Ядаж байхад өнгөрсөн жилд тэр орчмын цэцэрлэгийг засч тохижуулахдаа биеэ үнэлэгчдийн орчныг нь бүр ч тухтай таатай болгочихсон юм. Уг 7168 кв метр талбайтай цэцэрлэгийг Турк улсаас 400, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас 20 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргаж шинэчлэн засварлаж, 108 орчны, 78 зүлэгний гэрэл бий. Гэвч 108+78 гэрэлтэй цэцэрлэг нь шөнө оройн цагаар үнэндээ даанч бүүдгэр орчныг бий болгожээ. Энд суурилуулсан гэрэлнүүд нь зөвхөн өөрийгөө л гэрэлтүүлэх бөгөөд ямартаа ч тэнд нэг гэрэл байрлуулсан гэж харагдана. Зуугаад ийм сүүмийсэн цагаан шонгууд нь өнөөх биеэ үнэлэгчдэд жинхэнэ орчныг нь бүрдүүлчихэж. Яг л ягаан дэнлүүний гудамж гэх бүдэг гэрэлтэй орчин байдаг гэдэг шиг.  

Уг нь энэ цэцэрлэгт жаахан муухай үнэртэй ч гэрэлт усан оргилуур, нар халхалдаггүй ч сүүдрэвч, хэврэгхэн боловч хэдэн жижиг хөшөө, бэлгэ тэмдэг бүхий хөшөөнүүд бий.

Хэдийгээр "24 цаг хянах зорилгоор найман ширхэг хяналтын камер суурилуулж, харуулын байр барьсан" гэдэг ч хотын төвийн энэхүү цэцэрлэг нь аюултай газар хэвээр. Зөвхөн биеээ үнэлэгч нар энд байдаггүй. Тэднийг хамгаалдаг ч юм уу, худалддаг ч юм уу, нөхөр сүүдэр ч юм уу харчуул нь бараг эмэгтэйчүүдээсээ олон. Өдөржингөө тэр хавийн сандлыг эзэгнэж, хоорондоо зодолдож, ноцолдож өдрийг өнгөрөөнө. Урдуур өнгөрөх зарим нэг хүнийг хааяадаа татаж чангааж ч харагдана.

Өдрийн уртад хэдэн зарагддаггүй олон жилийн настай бараанууд нь хөлхөлдөж, залуустайгаа хөгжилдөнө. Харин оройхон шинэ бараанууд ирнэ. Цаг орой болж өнөө сүүмгэр гэрэлнүүд асах үеэр хоёр гурван аксентнууд Улаанбаатар зочид буудлын урд талын зогсоол дээр гэмгүйхэн ирж зогсоцгооно. Мэдээж дотор нь дүүрэн бараа. Ингээд л эрх чөлөөгөө эдэлцгээж шөнө өнгөрнө. Өнөөх хяналтын камер, эргүүл цагдаа нь энэ үеэр хаагуур ч явж байдаг юм бүү мэд.

Өглөө нь сандалнууд алжааж ядарсан залуусаар дүүрэн. Шөнө ажилласан хүмүүс ядрах нь тодорхой. Ингээд л нэг хэсэг шуугилдаж бужигналдаж байгаад л хүний нэг сандал дээр архи шивтэр үнэртүүлээд л унтацгаана.

Энэ хавийн үнэр нь цэцэрлэгт байх нийтийн 00-ийн үнэртэйгээ бараг ижил. Уг нь нийтийн 00 болгон цэвэрлэгч, мөнгө хураагч бий. Гэвч бохирын ус нь муу татагддагаас ч тэр үү 00 гэж жинхэнэ огиудас хүрэм, энэ үнэрийг цэвэрлэж бардаггүй бололтой.

Энд цуглагч нөхөд сүүлийн жилээс бизнесээ улам өргөж олон нэр төрлийн болгож байгаа. Цэцэрлэгийн голын хэсгийг дартсчингууд эзэлж. Зургаагаас дээш оновол хятад чихмэл.

Өнгөрсөн жил хажуугаар нь явж байхад нэг цагдаа дартсны сумнуудыг нь хурааж аваад, өнөө хэд нь "тав таван цаас цуглуулаад очиж сумаа авья" гэж байсныг нь бодоход бас л дарамт, шахалтан дор зохицоод ажилладаг байсан бололтой. Яах вэ, хэнд ч гай болохгүй ажиллаж байгаа хүмүүст нь зохих зөвшөөрлийг нь өгөөд, хуулийн дагуу татварыг нь аваад, орой тарахад нь хогийг нь цэвэрлүүлдэг бол байж болох л бизнес. Гэхдээ л хагалсан шаарныхаа хогийг цэвэрлэлгүй орхиод явагсад олон.

Найман настай балчир хүүгийн зарах ундааны бизнесээс эхлээд наян настай буурлын жин үзэх бизнес хүртэл энэ цэцэрлэгт бий. Чанасан өндөг, шарсан зайдас, хачиртай талхнаас эхлээд авгай хүүхнийг ч энэ цэцэрлэгт бий. Хотын төвийн хогийн газрын нэг жишээ иймэрхүү.

Б.МАНДАХ